1994 оны “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” , Зөрүүд эрийг номхотгосон нь киноны гол дүр Орнелла Мути

“Зөрүүд эрийг номхтгосон нь” кино бол дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байсан нэртэй кинонуудын нэг. Хөгжилтэй , зөрүүд Адриано Челентано гэх залуугаас гадна энэхүү гайхалтай гоо үзэсгэлэнтэй жүжигчин Орнелла Мути ч үзэгчдийн хайрыг татсан юм. Италийн нэрт жүжигчин Орнелла нь 1955 онд төрсөн юм.

Гоо үзэсгэлэн төгөлдөр энэхүү бүсгүй маань Ромд төрсөн бөгөөд аав нь эрт өөд болсон тул тэрбээр ээж, эгчийн хамтаар бага насаа өнгөрүүлжээ. Орнелла анх Франческа Ривелли нэртэй байсан ба санамсаргүй байдлаар зураг авалтын газар иржээ. Түүний эгч Клаудиа жүжигчин болохыг хүсдэг байсан ба өөрийн дүүгээ хань татаж дагуулж явсан аж. Найруулагч Дамиано Дамиани Орнеллаг анзаарч өөрийн “Хамгийн үзэсгэлэнтэй эхнэр” киноныхоо гол дүрд тоглуулсан бөгөөд охинд Орнелла Мути гэх шинэ нэрийг өгсөн аж. Ингэж 14 настай охин өөрийн жүжигчний замналаа эхлүүлсэн байна.

Амжилттай карьерын эхлэлийг тавьсан тэрбээр олон киноны гол дүрийг амилуулж байсан бөгөөд тэр тусмаа тухайн үедээ инээдмийн киноны “хатан хаан”-аар тодорч байв. Нэгэн хэвийн байдлаас залхсан тэрбээр танил найруулагч болох Марко Феррери-гийн “Сүүлчийн эмэгтэй” драмын төрлийн кинонд тоглож өөрийгөө ямар ч дүрийг гайхалтай бүтээж чадна гэдгээ харуулсан байна. 1974 онд жүжигчин бүсгүй маань ээж болж байсан ч охины эцэг үр хөндүүлэхийг хүссэн бөгөөд Орнелло хүлээн зөвшөөрөөгүй тул түүнийг орхиж байжээ. Хэдэн жилийн дараа анхны киноны хамтрагч Алессио Оранотай гэрлэсэн юм.

20-иод насандаа бүсгүй “Зөрүүд эрийг номхотгосон нь” кинондоо тоглосноор том амжилтыг гаргасан юм. Орнелло Мути болон Адриано Челентано нарын ажлын холбоо нь сүүлдээ хайр сэтгэлийнх болж хувирсан ба ухаангүй дурласан Орнелла өөрийн нөхөр Алессио Ораногоос салсан ч Челентано гэр бүлээ авч үлдэж, залуу бүсгүйтэй холбогдсон харилцаандаа цэг тавьж байжээ.

Тэрбээр дэлхий даяар аялан кино зураг авалтад оролцож “Казанова”, “Оскар”, “Монте-Кристо гүн” кинонуудад дүрээ мөнхөлж байв. Орнелла мөн дэлхийн олон оронд салбар бүхий өөрийн үнэт эдлэлийн дэлгүүрээ нээн бизнес эрхэлдэг байжээ.

Тэрээр 1994 онд “Class” сэтгүүлийн санал асуулгаар “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-р шалгарч байжээ.